МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГИЙН УЛИРЛЫН ТОГЛОЛТУУД / Ням гараг 10.20/
Нийтэлсэн:

ХҮЛЭГҮҮД БАГ УЛИРЛЫГ 2-0 АМЖИЛТТАЙ ЭХЛҮҮЛЛЭЭ
Тус өдрийн эхний тоглолт эмэгтэй Хүлэгүүд болон AODE М Винкс багуудын хооронд болсон юм. Тоглолт эхнээсээ Хүлэгүүд багийн онооны илүү үргэлжилсээр 70-43 онооны харьцаатай буюу Хүлэгүүд баг 27 онооны зөрүүтэй хожсон. Хүлэгүүд баг улирлыг 2 дахь хожлоо авсан бол AODE M Винкс баг улирлын 3 дахь хожигдлоо амслаа. Тоглолтын шилдгээр Хүлэгүүд багийн тоглогч Б.Бат-Энх 17 оноо, 10 самбар, 3 хаалт хийж тоглолтын шилдгээр нэрлэгджээ. Хүлэгүүд багийн улирлын дараагийн тоглолтоо мягмар гарагт Мон Пон багийн эсрэг хийнэ.
АО SCORPIONS БАГ УЛИРЛЫН ЭХНИЙ ХОЖЛОО АВЛАА
Тус өдрийн хоёр дахь тоглолт Аравт болон AO Scorpions багуудын хооронд явагдлаа. Хоёр багийн тоглолт өрсөлдөөнтэй болж, эцсийн мөчид AO Scorpions баг 58-54 онооны харьцаатай хожсон юм. AO Scorpions баг улирлын эхний хожлоо авсан бол Аравт баг шинэ улирлын эхний хожигдлоо хүртсэн юм. Тус тоглолт Аравт багаас өнгөрсөн зун Хүлэгүүд багаас ирсэн Б.Өнөрзаяа 13 оноо авч багаа тэргүүлсэн бол AO Scorpions багаас Б.Болор-Эрдэнэ 25 оноо, 9 самбар, 2 хаалт гэсэн үзүүлэлтийг үзүүлж, тоглолтын шилдэг тоглогчоор нэрлэгдсэн.
НАЛАЙХ БИЗОН БАГ УЛИРЛЫН 2 ДАХЬ ХОЖЛОО БАЙГУУЛЛАА
Тус өдрийн гурав дахь тоглолт Налайх Бизон болон INUT Yes’TLG багуудын хооронд явагдлаа. Тоглолтын эхний хагас маш сонирхолтой өрнөж, 36-38 харьцаатай өндөрлөсөн. Харин тоглолтын гурав болон дөрөвдүгээр үед Налайх Бизон багийн тоглогчид эсрэг багаасаа илүү тоглолтыг үзүүлж, 77-93 онооны харьцаатай хожсон юм. Налайх Бизон баг улирлын хоёр дахь хожлоо авсан бол INUT YES TLG баг улирлын эхний хожигдлоо хүлээсэн юм. Тоглолт Налайх Бизон багийн легионер тоглогч Рэйли Росс 32 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлж, тоглолтын шилдэг тоглогчоор нэрлэгдсэн. Үнэдсний Дээд Лигийн амжилтын хүснэгтэ Налайх Бизон баг 2 хожил, 2 хожигдолтой тавдугаар байрт эрэмбэлэгдэж байгаа бол INUT YES TLG баг 2 хожил, 1 хожигдолтой дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдэж байна.
АВАРГАА ХАМГААЛАГЧ ХАСЫН ХҮЛЭГҮҮД БАГ ГАНЦ Ч ХОЖИГДООГҮЙ АМЖИЛТТАЙ
Ням гарагийн үдшийн оргил тоглолт Хасын Хүлэгүүд болон Би Си Эйч Найтс багуудын хооронд боллоо. Тоглолтыг Хасын Хүлэгүүд баг эрч хүчтэй эхлүүлж, эхний хагасыг 21 онооны илүү буюу 27-48 онооны харьцаатай өндөрлүүлсэн. Харин тоглолтын гуравдугаар үеийг БИ СИ ЭЙЧ НАЙТС баг сайн эхлүүлж, онооны зөрүүг- зургаа болгон ойртуулсан ч, Аваргууд тоглолтын дөрөвдүгээр үед маш сайн тоглолтыг үзүүлэн, 58-75 онооны харьцаатай хожсон юм. Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны Үндэсний Дээд Лигийн 2023-24 оны улирлын аварга Хасын Хүлэгүүд баг энэ улирлыг ганц ч хожигдолгүй, гурван хожилтай эхлүүлээд байна.



