Э.Дөлгөөн: "Сагсанбөмбөгийн спортын тамирчин болоход шантрах үе зөндөө байдаг. Хэцүү зүйлсийг заавал даван туулна."
Нийтэлсэн:

Яагаад сагсанбөмбөгийн спортыг сонирхож, тоглох болсон бэ?
- - Би анх найзуудтайгаа хамт тоглож, сагсанбөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн. Найзуудаараа сагсанбөмбөгийн тэмцээнүүдийг үзээд, тамирчдыг хэрхэн бэлтгэл хийхийг харж суралцдаг байсан. Бага багаар суралцсаар клубын системд шилжиж, сагсанбөмбөгийн мэргэжлийн тамирчин болох гараагаа эхэлж байлаа.
Сагсанбөмбөгийн мэргэжлийн тамирчны хувиар үзүүлж байсан хамгийн шилдэг амжилтуудаас болон хамгийн их сэтгэлд үлдсэн тэмцээний дурсамжаас хуваалцаач?
- - Сагсанбөмбөгийн мэргэжлийн тамирчны хувьд шигшээ багийнхаа хамтаар үзүүлж байсан хамгийн шилдэг амжилтуудаас дурдвал 2018 онд Монгол улсын Нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “FIBA 3x3 Asian Cup” тэмцээнд шигшээ багийнхаа хамтаар оролцож, улмаар тухайн тэмцээний шилдэг тоглогч болж байв. Мөн 2016 онд Монголд улсад зохион байгуулагдсан сагсанбөмбөгийн Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогч буюу “MVP” шагналыг хүртэж байсан. Шигшээ багаа төлөөлж, Монгол улсын шигшээ багийнхаа өмсгөлтэй тэмцээнүүдэд оролцох их сайхан санагддаг. Харин мэргэжлийн “Улаанбаатар ММС Энержи” багийнхаа хамтаар 2023 онд БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдсан Олон улсын 3x3 сагсанбөмбөгийн “Дэлхийн Их Дуулга” тэмцээнд түрүүлж, олон жил хүлээсэн зүйлдээ хүрсэн маань том амжилт. Мэргэжлийн тэмцээнүүд ширүүн өрсөлдөөнтэй болдог, учир нь багууд эрхээ авч оролцдог юм.
Та сагсанбөмбөгийн спортоор хичээллэж буй, ирээдүйд тус спортоор хичээллэх хүүхэд залууст хандаж юу гэж хэлэх вэ?
- Сагсанбөмбөгийн спортоор маш олон хүүхэд залуус сонирхож, хичээллэж байна. Багийн спортоор хичээлж байгаа нь сайхан санагдаж байгаа. Сагсанбөмбөгийн спортын тамирчин болоход шантрах үе зөндөө байдаг. Хэцүү зүйлсийг заавал даван туулна, чадна гэдэг итгэл, зүтгэлтэй үргэлжлүүлээрэй гэж зөвлье. Багийн спорт нь багийн нэг гишүүний алдаанаас бүх зүйл хамаардаг учраас нэг нэгэнтэйгээ ойлголцож, эерэг харилцаатай, нэг баг гэсэн уур амьсгалыг бүрдүүлж, бие биедээ итгэж тоглох хэрэгтэй.



